ЗАРДАЛ БА ГАРЗ ГЭЖ ЮУ ВЭ?

2010-04-04 19:32

 ЗАРДАЛ БА ГАРЗ

cost_cover_lg.jpg (321×467)

 Зардал ба гарзад хамрагдах зүйлс

Тайлангийн хугацааны туршид бараа үйлдвэрлэх буюу хүргэх, үйлчилгээ үзүүлэх, үндсэн үйл ажиллагааг байнга явуулахын тулд бусад үйл ажиллагааг гүйцэтгэснээр хөрөнгө буурах, өөр бусад байдлаар ашиглагдах эсвэл өр төлбөр үүсэх явдал юм.

Бусад зардал ба гарз гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын байнгын бус буюу гэнэтийн ажил гүйлгээнээс түүнчлэн эздийн зардал буюу өгсөн хуваарилалтаас бусад тухайн тайлант хугацаанд уг аж ахуйн нэгж, байгууллагад нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдал нөхцөл байдлын үр дүнд өмчид (цэвэр хөрөнгөнд) гарсан бууралт юм.

Зардлыг дорхи байдлаар ангилж, Орлогын тайланд тусгана:

1.     Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

2.     Үйл ажиллагааны (удирдлагын ба борлуулалтын) зардал

3.     Үндсэн бус үйл ажиллагааны зардал ба гарз

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг-борлуулалтын орлогод ногдох борлогдсон барааны өртөг юм.

Үйл ажиллагааны зардал гэдэг нь тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгт шууд хамаарагдахгүй боловч үйл ажиллагаатай холбогдон өдөр тутам гарч байдаг борлуулалт, маркетингийн зардал болон ерөнхий удирдлагын зардлын нийлбэрийг хэлнэ. Ерөнхий удирдлагын зардалд удирдлагын ажиллагсдын цалин, үндсэн хөрөнгийн элэгдэл, шуудан холбоо, бичиг хэрэг, түлш шатахуун, хангамжийн материал, ашиглалтын, засвар, гадны үйлчилгээний, албан томилолт болон бусад зардлууд хамаарагдана.

Борлуулалт, маркетингийн зардалд борлуулалт, маркетингийн албаны үйл ажиллагаатай холбогдон гарсан ажиллагсдын цалин, зар сурталчилгаа, албан томилолт, үндсэн хөрөнгийн элэгдэл, хадгалалтын гэх мэт зардлууд багтана.

Үндсэн бус үйл ажиллагааны зардал, гарз гэдэг нь компанийн хоёрдогч буюу туслах ажиллагааны үр дүн болон гарсан зардал буюу гарз юм.  Эдгээрийг ихэвчлэн холбогдох орлогыг хассан цэвэр дүнгээр тайлагнана. Үйлдвэрлэлийн бус туслах нэгжүүдийн үйл ажиллагааны алдагдал, үндсэн хөрөнгө, материалыг ашиглалтаас хассаны болон борлуулалтын алдагдал, элдэв хүү, торгууль, гадаад валютын ханшийн зөрүүгийн алдагдал, үнэт цаасны арилжааны болон үнийн бууралтын алдагдал зэрэг алдагдлууд хамаарагдана. 

12.2 Зардал, гарзын бүртгэл

12.2.1 Борлуулалтын өртгийн бүртгэл

Үндсэн борлуулалтад ногдох хэмжээгээр:

          Дт     Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

                   Кт     Бэлэн бүтээгдэхүүн эсвэл Бараа

Хэвийн бус хорогдол, гологдол нь бүтээгдэхүүний өртөгт хамаарахгүй учир тусад нь дансанд бүртгэнэ:

          Дт     Хэвийн бус хорогдол/Гологдол

                   Кт     Дуусаагүй үйлдвэрлэл

12.2.2 Үйл ажиллагааны зардлын бүртгэл

Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөгт хамаарахгүй, үйл ажиллагааны явцад гардаг ерөнхий зориулалтын зардлыг тухайн зардлын ангиллаар бүртгэнэ. Энэ бүртгэл нь үйл ажиллагаанд ямар төрлийн зардал хэдий хэмжээгээр гарсныг тодорхойлохоос гадна хяналт тавихад чухал ач холбогдолтой.

А. Ерөнхий удирдлагын зардал

Ерөнхий ба удирдлагын ажиллагсдын тооцоолсон цалингийн зардлын хэмжээгээр:

          Дт     Цалингийн зардал

                   Кт     Цалингийн өглөг

Элэгдлийн зардлын тооцсон хэмжээгээр:

          Дт     Элэгдлийн зардал

                   Кт     Хуримтлагдсан элэгдэл

Хэрэглэсэн бичиг хэрэг, түлш шатахуун, хангамжийн бусад материалын хэмжээгээр:

          Дт     Бичиг хэргийн зардал

          Дт     Түлш шатахууны зардал

          Дт     Бусад хангамжийн материалын зардал

                   Кт     Материал/Мөнгө/Дансны өглөг

Хэрэглэсэн цахилгаан, халаалт, уур ус буюу ашиглалтын зардлын ерөнхий үйл ажиллагаанд хуваарилагдан ногдох хэмжээгээр өглөг болгон тооцож, дараах бичилт хийнэ:

          Дт     Ашиглалтын зардал

                   Кт     Дансны өглөг

Барилга байгууламжид хийгдсэн капиталчлагдаагүй зардлын дүнгээр:

          Дт     Засварын зардал

                   Кт     Цалингийн өглөг

                   Кт     Бараа материал

                   Кт     Дансны өглөг

                   Кт     Мөнгө

Хуулийн болон бусад мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлсний хөлс, гадны үйлчилгээний зардлын дүнгээр:

          Дт     Гадны үйлчилгээний зардал

                   Кт     Дансны өглөг/Мөнгө

Албан томилолтын зардлын ерөнхий үйл ажиллагаанд ногдох дүнгээр:

          Дт     Албан томилолтын зардал

                   Кт     Мөнгө

                   Кт     Ажиллагсадтай хийх тооцооны данс

Б. Борлуулалт, маркетингийн ажиллагааны зардал

Борлуулалт, маркетингийн албаны ажиллагсдын тооцоолсон цалингийн зардлын хэмжээгээр:

          Дт     Цалингийн зардал

                   Кт     Цалингийн өглөг

Элэгдлийн зардлын тооцсон хэмжээгээр:

          Дт     Элэгдлийн зардал

                   Кт     Хуримтлагдсан элэгдэл

Хэрэглэсэн бичиг хэрэг, түлш шатахуун, хангамжийн бусад материалын хэмжээгээр:

          Дт     Бичиг хэргийн зардал

          Дт     Түлш шатахууны зардал

          Дт     Бусад хангамжийн материалын зардал

                   Кт     Материал/Мөнгө/Дансны өглөг

Хэрэглэсэн цахилгаан, халаалт, уур ус буюу ашиглалтын зардлын ерөнхий үйл ажиллагаанд хуваарилагдан ногдох хэмжээгээр өглөг болгон тооцож, дараах бичилт хийнэ:

          Дт     Ашиглалтын зардал

                   Кт     Дансны өглөг

Барилга байгууламжид хийгдсэн капиталчлагдаагүй зардлын дүнгээр:

          Дт     Засварын зардал

                   Кт     Цалингийн өглөг

                   Кт     Бараа материал

                   Кт     Дансны өглөг

                   Кт     Мөнгө

Зах зээл, сурталчилгааны зардлын дүнгээр:

          Дт     Зах зээл, сурталчилгааны зардал

                   Кт     Дансны өглөг/Мөнгө

Албан томилолтын зардлын дүнгээр:

          Дт     Албан томилолтын зардал

                   Кт     Мөнгө

                   Кт     Ажиллагсадтай хийх тооцооны данс

Энэ төрлийн зардлын ангилалд найдваргүй авлагын зардлыг хамааруулан тайлангийн үед ногдох алдагдлыг тусгана. Тооцоолсон найдваргүй авлагын дүнгээр

          Дт     Найдваргүй авлагын зардал

                   Кт     Найдваргүй авлагын хасагдуулга

Эдгээр зардлын ангилал нь аливаа аж ахуйн нэгжийн хувьд нийтлэг ангилал юм. Үйл ажиллагааны онцлогоос хамааран өөр бусад зардлын ангилал байж болно. Зардлын ангиллын мөн чанар нь тухайн төрлийн зардал уг бизнесийн ажиллагаанд хир зэрэг ач холбогдолтойгоос шалтгаална.  Үүнээс гадна зардлуудыг тодорхой нэгжүүдээр жишээ нь, гуанз, цэцэрлэг, амралт гэх мэт ангилан бүртгэж болно.

12.2.3 Үндсэн бус үйл ажиллагааны зардал ба гарзын бүртгэл

Аж ахуйн нэгж, байгууллагын хоёрдогч буюу туслах ажиллагааны үр дүн болох гарсан зардал буюу гарзыг ерөнхийдөө холбогдох орлогыг хассан цэвэр дүнгээр харуулна.

Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн бодит алдагдлын дүнгээр:

          Дт     Валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал

          Кт     Гадаад валютын данс/Дансны авлага

Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн бодит бус алдагдлын дүнгээр:

          Дт     Валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал

          Кт     Гадаад валютын данс/Дансны авлага

Үндсэн хөрөнгө борлуулсны алдагдал:

          Дт     Үндсэн хөрөнгө ашиглалтаас хассаны/борлуулсны алдагдал

                   Кт     Үндсэн хөрөнгө

12.2.4 Орлогын албан татварын зардлын бүртгэл

Татвар ногдох орлогын хэмжээг татварын хуулийн дагуу тусад нь тооцон тухайн дүнгээс тайлангийн үед ногдох орлогын албан татварын зардлыг тодорхойлно. Энэхүү тооцоог орлогын албан татвар тодорхойлох хуудсаар харуулна.

Үйл ажиллагааны орлогыг татвар ногдох орлогоор тооцох цаг хугацааны хүчин зүйлсээс шалтгаалан татварын зардлыг тайлангийн хугацааны болон дараа тооцогдох татварын гэж 2 ангилж харуулна.

Төлбөл зохих татварын өглөгийн дансны кредитэд тайлангийн үед төлөх татварын өглөг, Дараа тооцох татварын өглөг дансны кредитэд дараа тооцох татварын өглөгийг бичих бөгөөд дээрхи 2 дансны нийлбэр дүнг орлогын албан татварын зардал гэсэн дансны дебетэд бичнэ.

          Дт     Орлогын албан татварын зардал

                   Кт     Орлогын татварын өглөг

                   Кт     Дараа тооцох татварын өглөг

Дараагийн тайлангийн үеүдэд ногдох дараа тооцох татварын өглөгийн өөрчлөлтийг бүртгэхдээ:

          Дт     Орлогын татварын зардал

          Дт     Дараа тооцох татварын өглөг

                   Кт     Орлогын татварын өглөг

Дараагийн тайлангийн үеүдэд ногдох ёстой боловч тэдгээр үеүдээс өмнө орлогыг хүлээн авах зэрэг шалтгааны улмаас дараа төлөгдөх татварын хөрөнгийг бүртгэх шаардлага гардаг. Дараа төлөгдөх татварын хөрөнгө гэдэг нь тайлангийн үеийн татварын зардлаас хасагдан ирээдүйд төлөгдөх урьдчилан тооцогдсон татварын өглөгийн хэмжээ юм.

Энэ бүртгэл нь татварын зардлыг холбогдох үеүдтэй нь уялдуулж өгнө. Татварын зардал болон урьдчилан тооцсон татварын хөрөнгө, төлбөл зохих татварын өглөгийн хэмжээг дараах байдлаар бүртгэнэ:

          Дт     Орлогын татварын зардал

          Дт     Дараа төлөгдөх татварын хөрөнгө

                   Кт     Орлогын татварын өглөг

Дараагийн тайлангийн үеүдийн нөлөөллөөс шалтгаалан дараа төлөгдөх татварын хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэхдээ:

          Дт     Орлогын татварын зардал

                   Кт     Дараа төлөгдөх татварын хөрөнгө

                   Кт     Орлогын татварын өглөг  гэж тусгана.

12.2.5 Орлого, зарлагын нэгдсэн дансны бүртгэл

Тайлангийн хугацааны эцэст орлого, зарлагын дансдын үлдэгдлийг орлого, зарлагын нэгдсэн дансанд хааж, үр дүнг тооцон хуримтлагдсан ашиг дансанд хаалтын бичилт хийнэ.

Орлогын дансдын хаалт:

          Дт     Орлогын дансад

                   Кт     Орлого, зарлагын нэгдсэн данс

Зардлын дансдыг хааж:

          Дт     Орлого, зарлагын нэгдсэн данс

                   Кт     Зардлын дансад

Орлого, зарлагын нэгдсэн дансны зөрүүгээр тайлангийн үеийн ашиг, алдагдлыг тодорхойлох бөгөөд:

Ашигтай бол:

          Дт     Орлого, зарлагын нэгдсэн данс

                   Кт     Хуримтлагдсан ашиг

Алдагдалтай бол:

          Дт     Хуримтлагдсан ашиг

                   Кт     Орлого, зарлагын нэгдсэн данс гэж бүртгэнэ.

Ангилал : Санхүү бүртгэл | Нийтэлсэн : Ray | Уншсан (1116) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл