АВЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?

2010-04-04 18:56

АВЛАГА

equipment-finance-calculator.jpg (425×282) 

 

1       Авлагад хамрагдах зүйлс :

Зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил үйлчилгээнийхээ төлбөрийг худалдан авагч, бусад харилцагч этгээдээс нэхэмжлэн  авах мөнгөн дүнг авлагаар тооцож бүртгэнэ. Нэг жилийн дотор төлөгдөх авлагыг богино хугацаат авлага гэнэ. Урт хугацаат авлагыг эргэлтийн бус хөрөнгөнд хамааруулна.

Авлага нь худалдан авагч ба бусдаас цуглуулж авах дүнг илэрхийлдэг. Энэ нь хүүтэй, барьцаалагдсан, авлагын векселиэр дэмжигдсэн буюу эсрэгээр байж болно. Мөн зээл, урьдчилгаа, байнгын бус ажил гүйлгээний нэхэмжлэл ба бусад авлага нь авлагад хамаарна.

Авлагыг дотор нь худалдааны ба худалдааны бус гэж ангилна. Бизнесийн үндсэн үйл ажиллагааны үед худалдан авагчдад бараа, үйлчилгээг зээлээр өгөх буюу гүйцэтгэснийг худалдааны авлага гэнэ. Үндсэн бус үйл ажиллагаанаас үүссэн авлагыг худалдааны бус авлага гэнэ. Үүнд: зээлээр борлуулсан эд хогшил, ажиллагсад болон хувьцаа эзэмшигчдийн авсан урьдчилгаа, түр ажиллагсдад урьдчилан төлсөн хөлс, татварын илүү төлөлт, ногдол ашиг ба хүүгийн авлага зэргийг хамааруулна.

Найдваргүй авлагын хасагдуулгыг хэрхэн тооцож бүртгэх тухай асуудлыг аж ахуйн нэгж байгууллага өөрийн бүртгэлийн бодлогодоо тодорхойлсон байна.

2            Үнэлгээ

Авах ёстой авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ. Авлагын үлдэгдэл нь түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан хасагдуулга ба бусад заасан тохируулгыг хассан дүнгээр үнэлэгддэг.

Хүүгүй буюу ул үндэслэлгүй бага хүүтэй урт хугацаат авлагын бичгийг түүний хөнгөлөлттэй дүнгээр үнэлдэг. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг балансын өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлнэ.

3            Санхүүгийн тайланд тусгах

Бизнесийн ердийн үйл ажиллагаанаас үүссэн, балансын өдрийн дараах 12 сарын дотор цуглуулагдахаар хүлээж буй авлагыг эргэлтийн хөрөнгө хэсэгт мөнгө ба түргэн борлогдох үнэт цаасны дараа тусгана. Балансад  авлагыг Эргэлтийн хөрөнгө гэсэн бүлгийн 3 дугаар зүйлд :

-         Нийт авлага

-         Найдваргүй авлагын хасагдуулга

-         Цэвэр авлага гэж ангилж үзүүлнэ.

Худалдааны бус авлагыг нэг жилийн дотор мөнгө болон хэрэгжих тохиолдолд л балансын эргэлтийн хөрөнгө хэсэгт тусгана. Зээлийн борлуулалтын нөхцөл илүү урт байдгаас шалтгаалан бизнесийн үндсэн үйл ажиллагааны цикл 1 жилээс илүү тохиолдолд ажлын капиталын салшгүй хэсэг болох зарим хэсэгчлэн төлөгдөх авлагыг эргэлтийн хөрөнгө гэж ангилна.

Худалдааны авлагыг балансад худалдааны бус авлагаас тусад нь ангилна.

Худалдааны авлагын бичгийг худалдааны дансны авлагаас тусад нь эсвэл нэгтгэн харуулна. Худалдааны бус авлага нь материаллаг дүнтэй бол нэг дүнгээр тусгайлан харуулна. Жилийн дотор цуглуулах захиалгын авлагыг эргэлтийн хөрөнгөөр харуулж болно. Хараат болон нэгдсэн компаниас авах материаллаг дүн бүхий авлагыг хэрэв 1 жилийн дотор цуглуулагдах бол эргэлтийн, 1 жилийн дотор цуглуулагдахгүй бол эргэлтийн бус гэж ангилна.

Дансны авлагын кредит үлдэгдэл нь материаллаг дүнтэй бол дансны өглөгөөс тусад нь хэрэв материаллаг бус дүнтэй бол дансны өглөгт оруулан өр төлбөр хэсэгт харуулна.

Бараа материалын үнэ, үзүүлсэн ажил үйлчилгээний хөлсийг дараа тооцоогоор авахаар бол түүний төлбөрийг хэдий хугацаанд ямар хэлбэрээр төлөхийг аж ахуйн гэрээнд тодорхой тусгаж, хугацаанаасаа өмнө төлсөн үед үнийн тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлж, хугацаанд нь төлж чадахгүй бол хэтэрсэн хоног тутамд хүү ногдуулахаар гэрээнд зааж, түүнийг төлбөрийн нэхэмжлэл, баримтанд бичиж , өр авлагыг цаг тухайд нь барагдуулсаны төлөө хөнгөлөлт буюу хүүгээс тодорхой хувь, хэмжээгээр харилцагч банкны байгууллагад өгөх журам тогтоовол санхүүгийн сахилгыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болно.

Хэрэв энэ журмыг мөрдвөл  Борлуулалт, Дансны авлагын дансдад дээрх байдлаар тусгахын зэрэгцээ хөнгөлөлт үзүүлсэн үед:

Дт     Борлуулалтын хөнгөлөлт

          Кт     Дансны авлага гэж бичнэ.

Төлбөрийн хугацаа хэтрүүлж  хүү төлбөл :

Дт     Хүүгийн зардал

                   Кт     Мөнгөн хөрөнгө гэж бүртгэнэ.

4            Авлагын бүртгэл

4.1 Худалдааны авлагын бүртгэл

а) Зээлээр борлуулсан бүтээгдэхүүн, бараа, ажил үйлчилгээг :

Дт     Дансны авлага

Кт     Борлуулалт

б) Худалдан авагч нь төлбөрөө гэрээнд заасан хөнгөлөлттэй хугацаанд хийсэн бол дансны бичилт нь:

Дт     Мөнгөн хөрөнгө

Дт    Борлуулалтын хөнгөлөлт

                   Кт     Дансны авлага

в) Худалдан авагчаас төлсөн төлбөрийн хэмжээгээр :

Дт     Мөнгөн хөрөнгө

                   Кт     Дансны авлага

г) Гэрээнд заасан шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлснээс бараа материалын үнийг нь бууруулах, эсвэл барааг буцаасан тохиолдолд:

Дт     Борлуулалтын буцаалт  (Үнийн бууралт)

          Мөнгөн хөрөнгө

          Кт     Дансны авлага

“Борлуулалтын хөнгөлөлт“, “Борлуулалтын буцаалт“,  “Үнийн бууралт“ зэрэг нь Борлуулалтын дансны сөрөг тохируулах дансууд юм. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэн авах боломжгүй болсон авлагыг тооцож, дансны авлагын дансны кредитээс найдваргүй авлагын хасагдуулгийн дансны дебетэд бичнэ .

д) Урьдчилан тооцоолсон найдваргүй авлагын хасагдуулгийг борлуулалтын орлогын, эсвэл нийт авлагын дүнгийн тодорхой хувиар бодож тооцоолох бөгөөд энэ хэмжээгээр:

Дт     Найдваргүй авлагын зардал

                   Кт     Найдваргүй авлагын хасагдуулга гэж бичилт хийнэ.

e) Найдваргүй гэж урьдчилан тооцсон авлагаас бүрэн буюу хэсэгчлэн хүлээн авах боломжтой болсон үед тайлант үеийн эцэст найдваргүй авлагын хасагдуулгийн дансанд дараах залруулах бичилт хийнэ :

Дт     Найдваргүй авлагын хасагдуулга

                   Кт     Найдваргүй авлагын зардал

ж) Найдваргүй болсон авлагыг данснаас хасахдаа :

Дт     Найдваргүй авлагын хасагдуулга

                   Кт     Дансны авлага

з) Найдваргүй авлагыг данснаас шууд хасвал :

Дт     Найдваргүй авлагын зардал

                   Кт     Дансны авлага

и) Гадаад валютаар үүссэн авлагыг гүйлгээ гарсан өдөр мөрдөж буй Монгол банкны  (цаашид албан гэх) ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэлд  тусгана. Төлбөр хүлээн авсан өдрийн валютын албан ханш нь гүйлгээ гарсан өдрийн ханшаас хэлбэлзсэн хэмжээгээр ханшийн зөрүү бий болно. Ханшийн зөрүү нь ашигтай буюу алдагдалтай гарна. Ханшийн зөрүүг :

          Ашигтай бол:

Дт     Мөнгө

                   Кт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн ашиг

          Алдагдалтай бол :

Дт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн алдагдал

                   Кт     Авлага

Мөн гадаад валютаар гарсан авлагын үлдэгдлийг санхүүгийн тайланд  тайлан гарах үеийн албан ханшаар шилжүүлэх  бөгөөд гарсан ашиг алдагдлыг бүртгэлд дээрхийн адилаар тусгана.

4.2 Векселийн авлага (Векселийн авлага )

Векселийн авлага гэдэг нь төлбөр гүйцэтгэх хугацаа дуусмагц төлбөр төлөгчөөс үл маргах журмаар мөнгөн төлбөр нэхэх эрхийг нэхэмжлэгчид олгосон баримт юм. Векселээр тооцоо хийх үед өр барагдуулах хугацаанаас хамааруулан авлагын хүүг тооцдог. Векселийн авлагын хөнгөлөлт, хасагдуулгын бичилт нь дараах хэлбэртэй байна.

а) Борлуулсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэд худалдан авагч нь вексель өгсөн бол :

Дт     Векселийн авлага

                   Кт     Борлуулалт

б) Тухайн тайлангийн хугацаанд авахаар тооцсон хүүгийн хэмжээгээр :

Дт     Векселийн авлагын хүү

                   Кт     Хүүгийн орлого

в) Векселийн авлагын төлбөр болон тооцсон хүүг нь төлсөн бол :

Дт     Мөнгөн хөрөнгө

          Кт     Векселийн авлага

                             Векселийн авлагын хүү

4.3 Бусад авлагын бүртгэл

а) Бараа, материалийг зээлээр борлуулбал :

Дт     Бусад авлага

          Кт     Холбогдох хөрөнгийн дансдаас

б) Татварын илүү төлөлтийн дүнгээр:

Дт     Татварын авлага

          Кт     Татварын өглөг

в) Авахаар тооцоолсон ногдол ашиг, хүүгийн орлогыг:

Дт     Ногдол ашиг (хүү)-ийн авлага

          Кт     Бусад ашиг

4.4  Дансны авлагаа худалдах

Энэ нь худалдагч буюу бэлтгэн нийлүүлэгч нь худалдан авагчаас авах авлагаа санхүүгийн янз бүрийн байгууллагад худалдах эсвэл авлагын дансаа барьцаалан мөнгө зээлэх ажил гүйлгээг илэрхийлнэ.

1.     Дансны авлагын барьцаалал

2.     Дансны авлагын борлуулалт (факторинг)

4.4.1 Дансны авлагаа бусдад барьцаалах

Авлагын өмчлөгч (барьцаалагч) нь авлагаа дэнчин болгосон гэдгийг тодорхойлсон амлалтын бичиг гаргаснаар зээлдүүлэгч байгууллагаас (барьцаанд авагч) мөнгө зээлдэн авдаг. Хэрэв уг өрийн бичгийг хугацаанд нь төлөхгүй бол барьцаанд авагч нь авлагыг цуглуулж, дэнчинг мөнгө болгон авах эрхтэй.

Иймд тодорхой хэмжээний хүүтэй байна. Зээл авах гэрээнд авлагыг аль тал хариуцан цуглуулахыг тодорхой зааж өгнө. Зээл олгогч буюу банк санхүүжилт олгосны шимтгэлд барьцаалсан авлагын дүнгээс хэдэн хувийн шимтгэл авахыг тусгадаг.

Дансны авлагыг ерөнхий барьцаалах эсвэл тодорхой авлагыг тусгайлан барьцаалан санхүүгийн байгууллагуудаас зээл авдаг.

Дансны авлагыг бусдад барьцаалахтай холбогдсон ажил гүйлгээг бүртгэлд тусгах

Барьцаалсан авлагын хэмжээгээр:

Дт     Барьцаалсан авлага

                   Кт     Дансны авлага/Векселийн авлага

Дансны авлагаа барьцаалж авсан зээлийн дүнгээр өрийн бичиг гаргасан бол:

Дт     Мөнгө

          Санхүүгийн үйлчилгээ үзүүлсний шимтгэл (санхүүжилтийн зардал)

                   Кт     Векселийн өглөг

Барьцаалсан авлагыг цуглуулсан хэмжээгээр (уг авлагыг цуглуулах явцад борлуулалтын хөнгөлөлт үзүүлсэн болон борлуулалтын буцаалттай холбогдсон ажил гүйлгээ гарсан бол):

Дт     Мөнгө

          Борлуулалтын хөнгөлөлт/Борлуулалтын буцаалт

          Найдваргүй авлагын зардал

                   Кт     Барьцаалсан авлага

Дансны авлагаа барьцаалж авсан өр болон тухайн сард хүлээн зөвшөөрсөн өрийн бичгийн хүүг төлсөн бол:

Дт     Хүүгийн зардал

          Векселийн өглөг

                   Кт     Мөнгө

4.4.2 Дансны авлагын борлуулалт (факторинг)

Фактор гэдэг нь бизнесийн байгууллагаас авлагыг шимтгэлтэйгээр худалдан авч, дараа нь худалдан авагчаас шууд цуглуулалт хийдэг санхүүгийн компани буюу банк юм. Факторингийн ажил гүйлгээнд авлагыг баталгаатай эсвэл баталгаагүй борлуулж болно.

А. Баталгаагүй шилжүүлэх. Авлагыг баталгаагүй борлуулах тохиолдолд худалдан авагч нь цуглуулах эрсдэлийг хариуцах ба зээлийн аливаа алдагдлыг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь авлагын бүрмөсөн борлуулалт юм.

Орлогын хэмжээгээр Мөнгө дансыг дебетлэж, авлагын нэрлэсэн үнийн дүнгээр Дансны авлагыг кредитлэдэг. Боломжит тохируулгын (хөнгөлөлт, буцаалт, үнийн бууралт г.м) дүнгээр буурсан зөрүүг Авлага борлуулалтын гарз гэж тодорхойлно. Борлуулагч нь борлуулалтын боломжит хөнгөлөлт, буцаалт, үнийн бууралтыг хааж, факторын үлдээх орлогыг тайлагнахын тулд Фактораас авах авлага гэсэн дансыг ашиглана.

Дансны авлагыг олзтойгоор худалдсан бол:

Дт     Мөнгө

          Фактораас авах авлага

          Найдваргүй авлага

                   Авлагаа борлуулсны олз

                   Кт     Дансны авлага

Дансны авлагыг гарзтайгаар худалдсан бол:

Дт     Мөнгө

          Фактораас авах авлага

          Авлагаа борлуулсны гарз

          Найдваргүй авлага

                   Кт     Дансны авлага гэж бүртгэнэ.

Б. Баталгаатай шилжүүлэх. Энэ тохиолдолд авлага төлөх этгээд хугацаанд нь төлбөр гүйцэтгээгүй бол борлуулагч нь авлага худалдан авагчид төлбөр хийх баталгаа өгдөг. Дараах нөхцлүүд бүрэн хангагдсан бол авлагын баталгаатай шилжүүлэлтийг борлуулалт гэж тайлагнах ба олз, гарзыг хүлээн зөвшөөрнө:

1.     Борлуулагч нь шилжүүлсэн авлагын дансанд хяналт тавихаа больсон.

2.     Баталгааны талаарх шилжүүлэгчийн үүрэг хариуцлагыг тооцоолох боломжтой байх.

3.     Худалдан авагч нь авлагыг буцаан худалдан авахыг шилжүүлэгчээс шаардаж чадахгүй.

Баталгаатай шилжүүлэлт нь эдгээр 3 нөхцлийг хангахгүй бол авлага шилжүүлэлтийн орлогыг зээл гэж тайлагнана. Иймээс авлагыг кредитлэхийн оронд “Шилжүүлсэн дансны авлагын өр төлбөр” гэсэн дансанд бүртгэнэ.

Авлагын баталгаатай шилжүүлэлтийг борлуулалт гэж үзвэл:

Дт     Мөнгө

          Фактораас авах авлага

          Авлага борлуулсны гарз

                   Кт     Дансны авлага

Авлагын баталгаатай шилжүүлэлтийг зээл гэж үзвэл:

Дт     Мөнгө

          Фактораас авах авлага

          Шилжүүлсэн авлагын хөнгөлөлт

          Кт     Шилжүүлсэн дансны авлагын өр төлбөр гэж бүртгэнэ.

Ангилал : Санхүү бүртгэл | Нийтэлсэн : Ray | Уншсан (1468) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. altaa :
    2011-12-20 15:46

    hi. goe ungu bn.

  2. zolzaya :
    2011-12-16 09:39

    sain bnuu. tanitai holboo barih utas bnuu. Nadad avlaga baragduulah arga zamuud gesen sedveer belen material heregtei bgaa yumaa.Hariu utas 96502828

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл