Мөнгөний үүсэл хөгжил

2010-04-03 11:40

 

    Мөнгө гэдэг бол хүн төрөлхтний соёл иргэншлийн адил нэн эртний үзэгдэл юм. Олон зуун жилийн турш мөнгө байнга өөрчлөгдөж ирсэн бөгөөд мөнгөний өнөөдрийн байдал нь түүний эцсийн төгс шат биш юм. Мөнгөний түүхийг бүхэлд нь авч үзвэл мөнгөний үүргийг илүү сайн гүйцэтгэж чадах байдлаар мөнгөний материал эзлэхүүнийг өөрчилж ирсэн хүмүүсийн чармайлт гэж хэлж болно. Мөнгөний гарал үүсэл үндэс нь өртгийн хэлбэрийн өөрчлөлт хөгжилт, хөдөлмөрийн хувиарлалттай холбоотой юм. Өртгийн дараах хэлбэрүүд байдаг. Үүнд:

1.    Энгийн буюу тохиолдлын хэлбэр


    Ямар нэгэн барааг нөгөөгөөр солих хамгийн энгийн, болхи үед үүссэн. Энэ хэлбэр нь хүй нэгдлийн байгуулал задран унахын өмнөхөн үүссэн бөгөөд тэр нь санаандгүй хийгдсэн солилцоо байлаа. Цаашдаа бараа таваарын үйлдвэрлэл хөгжих явцад санамсаргүй хэлбэрийн солилцоо нь тогтмол буюу байнгын солилцоо болон өөрчлөгдсөн.


2.    Өртгийн бүрэн буюу дэлгэрэнгүй хэлбэр


    Энэ нь дээр дурьдсан хэлбэрээс арай илүү хөгжсөн солилцооны хэлбэр бөгөөд хөдөлмөрийн анхны хувиарлалттай шууд холбоотой юм. Малчин аймгууд бусад овог аймгуудаас салж, бие даасан нийгмийн давхарга болсон бөгөөд солилцооны гол хэрэгсэл нь гэрийн мал болжээ. Түүнийг олон талын зориулалтаар, тухайлбал, уналга, хөсгөнд ашиглах, мах, сүү, арьсыг авч аж ахуйдаа хэрэглэхийн зэрэгцээ удаан хугацаагаар тэжээхэд зардал бага шаардана. Малчин овог аймгуудын цаг уурын байдал, газар нутгийн байршилаас адгуулах мал сүргийнх нь төрөл шалтгаалдаг. Тал нутагт адуу, үхэр, хонь, говь цөлийн бүсэд тэмээ, тундрт цаа буга өсгөн үржүүлэх жишээтэй.


3.    Өртгийн түгээмэл хэлбэр


    Хөдөлмөрийн  хоёрдогч том хувиарлалт болох газар тариалангийн үйлдвэрлэлээс гар урлалын салбар салсан явдалтай холбоотой үүсчээ. Энэ хөдөлмөрийн хоёрдогч хувиарлалт нь эквивалентийг боловсронгуй болгоход ихээхэн нөлөө үзүүлсэн. Эквивалентийн хамгийн төгс бус хэлбэр болох мал, ангийн үс зэрэг нь хуваагдах, нэгдэх чанартай болон жин хэмжүүрийн эквивалентаар солигдов. Гар урчууд зонхилох хот, хөдөө аж ахуй эрхлэх суурин хүн амтай тосгон үүссэнээр эквивалентийн үүрэг бүхий мал сүргийн хэрэгцээ үгүй болж эхэлжээ. Үүний оронд ургамлын гаралтай удаан хадгалагдах бүтээгдэхүүн хэрэглэгдэх боллоо. Үүнд: талх, тариа, ургамлын тос, будаа, давс, какао, шош гэх мэт. Түүнчлэн хөдөлмөрийн хоёрдогч хувиарлалт нь төмөрлөгийн зүйлс /төмөрлөг, тугалга, зэс, алт, мөнгө/ эквивалент болоход нөлөөлжээ. Төмөрлөгүүдийн дундаас эквивалентад чухал нөлөө бүхий чанарыг агуулсан алт, мөнгө голлох байр суурийг эзэлж эхэллээ. Энэ нь дараах хоёр шинж чанарыг агуулна.


Нэгдүгээрт: авсаархан, өөрөөр хэлбэл овор хэмжээ бага боловч өртөг өндөртэй.


Хоёрдугаарт: ямар нэгэн гадны нөлөөлөлд автдаггүй, тогтвортой байх.


    Алт мөнгө нь исэлддэггүй ямар нэгэн үнэт зүйлс болгон хадгалж хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа 19-р зуунд алтыг төлбөрийн хэрэгсэл болгон өргөнөөр ашиглаж иржээ.


    Өртгийн энэ хэлбэр нь урьдах хэлбэрүүдээсээ арай боловсронгуй болсон боловч төлбөр, солилцоо хийхэд тийм ч таатай бус байсан нь бас л төгс хэлбэр биш гэдгийг харуулж байлаа. Өртгийн эквивалентийн үүрэг роль нь аажмаар мөнгө хэмээх бараагаар монопольчлогдлоо.


4.    Солилцооны хамгийн боловсронгуй хэлбэр нь өртгийн мөнгөн хэлбэр юм. Үйлдвэрлэл хөгжих тутам өртгийн мөнгөн хэлбэр юм. Үйлдвэрлэл хөгжих тутам өртгийн мөнгөн хэлбэрт бас мэдэгдэхүйц өөрчлөлт гарч төлбөрийг алт мөнгөөр хийх болжээ. Дээр өгүүлсэнчлэн 19-р зуунд алтыг төлбөр хийхэд өргөн ашиглаж байсан нь түүний зэвэрдэггүй өнгөө алддаггүй, амархан хуваагддаг, байгальд ховор тохиолддог зэрэг физик шинж чанартай холбоотой.


    Аажмаар янз бүрийн шалтгаанаас болж алт нь төлбөрийн хэрэгсэл байхаа больж оронд нь цаасан мөнгийг хэрэглэх болжээ. Цаасан мөнгө нь эргэлтэнд хоёр замаар орж ирсэн. Үүнд:


    Нэг дэх зам нь зоосон мөнгө гэмтэж муудсан явдал байлаа. Дээр үед олон хаад ноёд өөрсдийн мөнгийг хэвлүүлж авч байжээ. Тэд урьд нь гаргасан цул алт мөнгөн зоос, сүүлд хийх болсон алт мөнгөний орох орц нь багассан зоостой нэгэн ижил хэмжээнд гүйлгээнд орж байхыг ашиглан, албаар зоосонд орох алт мөнгөний хэмжээг багасгах болжээ. Аажмаар алт мөнгөө “хэмнэх” үүднээс зоосыг хямд ханштай төмөрлөгийн хайлшаар хийх боллоо.


    13-р зуунд Хятад улсад цаасан мөнгө хийгдсэн байна. Харин Франц, Англи, Оросод 18-р зууны үед цаасан мөнгө гарчээ.


    Цаасан мөнгө бий болсон хоёр дахь зам нь арилжааны вексель маягаар гарч ирсэн явдал юм. Энэ нь ямар нэгэн үйлдвэрлэгч, худалдаачинд зээлээр авсан барааны мөнгийг тодорхой хугацаанд төлөх өрийн бичиг юм.


    Вексель нь эхлээд зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд хэрэглэгддэг байсан боловч, аажмаар зээлдүүлэгч өөрөө векселээр төлбөр хийх болжээ. Хэн нэгэн гуравдагч этгээдийн төлөх мөнгөний баталгаа болгож бүхний танил буюу хөрөнгө бүхий худалдаачин юм уу банкны эзний гарын үсэгтэй баталгаат бичиг шаардлагатай болжээ. Иймээс хөрөнгөтэй, том банкууд өөрсдөө мөнгөн тэмдэгт гэж нэрлэгдэх болсон цаасан мөнгийг гаргаж эхэлжээ.


    Мөнгөн тэмдэгт нь эхлээд алтаар сольж болдгоороо векселээс ялгаатай байжээ. Харин одоо үед нэг ч мөнгөн тэмдэгт улс орон дотроо ч, дэлхийн зах зээлд ч алтаар арилжаалагдаж солигддоггүй.


    Орос оронд 1914 онд мөнгөн тэмдэгтийг алтаар солих явдлыг зогсоожээ.



    Буурал түүхт Монгол улсын мөнгөний тогтолцоо эртнээс дамжсан баялаг уламжлалтай.


    Манай эриний өмнө III зууны сүүлчээр байгуулагдсан Хүннү нарын үеэс эхлэн Сүннү, Уйгар, Кидан гүрний үед “Зүүн үзүүрт хутган мөнгө”, “Сүхэс” (сүх), “Их Монгол улсын мөнгө”, “Өлгий мөнгө”, “Их хааны нэвтрэх эрдэнэ” мэтийн нэртэй зоосон мөнгийг цутган хэрэглэж, таваар мөнгөний гүйлгээг хөгжлийн өндөр түвшинд явуулж иржээ.


    Их эзэн Чингис богд 1206 онд Монголын тулгар төрийг эмхлэн байгуулаад мөнгөн зоос цутгуулан хэрэглэж, улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгө хэвлэн гүйлгээнд гаргаж, XIII зуунд банк байгуулж байсан билээ.


    Чингис хааны үе залгамжлагчид Монголын нэгдсэн гүрний үед 100 гаруй төрлийн алт, мөнгө, зэс, гууль, хүрэл зоос цутгуулж, 1236 онд Өгөөдэй хаан, 1254 онд Мөнх хаан цаасан мөнгийг дахин хэвлүүлж гүйлгээнд гарган таваарын гүйлгээнд хэрэглэж, эд баялгаа тооцоолон, гадаад гүрнүүдтэй худалдаа наймаа хийж байжээ.


    Мөнгөн гүйлгээний энэ баялаг уламжлал эзэнт гүрний задрал, манжийн дарлалын он жилүүдэд тасалдан, хэдэн зууны турш улс орны аж ахуй эмх замбараагүй байдалд орсон юм. Энэхүү бурангуй үед Монгол орны зах зээл дээр мал, арьс шир, хадаг, цай зэрэг эд өлгийн зүйлс мөнгөний үүрэг гүйцэтгэж байсны дээр XIX, XX зууны заагт цагаан мөнгө, ембүү, Орос, Хятад, Англи, Америкийн алт, мөнгөн зоос, цаасан тэмдэгтүүд зэрэгцэн төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж улс орны мөнгөн  гүйлгээг замбараагүйтүүлэн, гадаад, дотоодын мөнгө хүүлэгчийг өөгшүүлэн баяжуулж, монгол түмнийг дааж давшгүй өр зээлд унаган, улсын эдийн засаг гадны хараат байдалд улам бүр орсоор байлаа.


    Таваарын үйлдвэрлэл, таваар мөнгөний харьцаа буй болох, тогтнон байх явдал нь аль нэгэн үйлдвэрлэлийн аргатай салшгүй холбоотой биш юм. Таваарын үйлдвэрлэл нь янз бүрийн нийгэм-эдийн засгийн байгуулалтын үед оршин тогтносоор иржээ.


    Таваарын үйлдвэрлэл нь хүй нэгдлийн нийгмийн байгуулалтын задран уналтын үед үүсч, боол эзэмшлийн болоод феодалын нийгмийн, нийгэм-эдийн засгийн харьцаанд ашиглагдсаар байлаа. Капитализмын үед таваарын үйлдвэрлэл нэлээд хөгжжээ.


    Социализм ба социализмд орох шилжилтийн үед таваарын үйлдвэрлэл өвөрмөц шинж чанартай болсон.


    Таваарын үйлдвэрлэлийн үүсэн хөгжих болоод янз бүрийн нийгэм-эдийн засгийн байгуулалтын үед оршин тогтнож байхын чухал нөхцөл нь нийгмийн хөдөлмөрийн хувиар буй болсон явдал юм.


    Нийгмийн хөдөлмөрийн хувиар буй болсны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад нөгөө хэсэг нь өөр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг боллоо. Гэвч тэдгээрийн амьдралын хэрэгцээ нь өөрсдийн хийж байгаа нэгэн төрлийн зүйлсээр хангагдахгүй бусад олон төрлийн бүтээгдэхүүнийг шаардах болов. Ийм учраас тэдгээрийн хооронд өөрсдийн хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг солилцох явдал зайлшгүй шаардлагатай болжээ.


    Гэвч таваарын үйлдвэрлэл үүсэн тогтнох явдалд ганцхан нийгмийн хөдөлмөрийн хувиар буй болох явдал хангалтгүй юм.



    1921 онд ардын засаг тогтлоо.


    Ардын засгаас авч явуулсан эдийн засгийн анхны арга хэмжээ нь улс болон  ард иргэдээс гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдэд төлөх өрийг хүчингүй болгож, феодалын төсөв, албан татварын системийг устгаад, Улсын түр хурал 1922 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “хоршоо сайжруулах банк” нээхээр шийдвэрлэж,, 1923 онд болсон МАХН-ын II их хурлаас баталсан “Эдийн засгийн бодлого”-доо “… Улсын сангаас алтан, мөнгөн, зэс зэргийн зоос хэвлэж, зохих тооны цаасан тэмдэгт гаргаж, улсын бүх хөрөнгөөр баталсан хязгаар дотор бусад улсын тэмдэгт, цаасны зүйлийг явуулахыг хэмнэж, алтан, мөнгөн зэргийн хатуу эдийг улсын санхүүд хураан агуулж Монголын мөнгөний гачигдлыг туслуулахаар мөнгөн тэтгэврийн банк мэтийг нээвэл зохино” гэж заалаа.


    Тухайн цаг үеийн улсын эдийн засгийн чадавхи дорой, мэргэжлийн ажиллах хүчин байхгүй байснаас дан ганц өөрийн хүч, хөрөнгөөр банк байгуулах бололцоогүйдэн Монголын Засгийн газраас Зөвлөлт Холбоот Улсад хандаж туслалцаа үзүүлэхийг хүссэнийг Оросын Засгийн газар нааштай хүлээн авч, хоёр улсын Засгийн газар хэлэлцээ байгуулсны дагуу банк байгуулах бэлтгэлийг ханган 1923 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкны Дүрэм батлагдан, 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр 22 ажиллагчтайгаар банк нээгдлээ.


    Монголбанкны анхны жилүүдийн үйл ажиллагаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хөгжилд түлхэц өгөх, худалдааг өргөжүүлэн, улс орны мөнгөний гүйлгээг эмх замбараатай болгон зохицуулахад чиглэв.


    Монголбанк байгуулагдсанаас хойш ч Монгол улсын мөнгөний гүйлгээг хятад янчаан (37.5 грамм цагаан мөнгө) хатуу цагаан мөнгө хоёр илэрхийлж байсан учраас Монголын засгийн газар үнэн хэрэгтээ улс орныхоо мөнгөн гүйлгээг зохицуулах боломжгүй болж, Банкны өмнө гадаад валют, үнэт металл, богино хугацаат металл, богино хугацаат вексель, түргэн борлогдох таваараар хатуу баталгаажсан монгол үндэсний валют гаргах буюу эмиссийн үйл ажиллагааг эмхлэн байгуулах зорилт хойшлуулашгүйгээр тавигдсан юм.


    Банкны үйл ажиллагааны хоёрдахь жилийн гол зорилт бол Монгол оронд мөнгөний шинэчлэл хийх тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд оршиж байлаа.


    1925 оноос эхлэн улсын бүртгэл тооцоог хятад янчаанаар явуулах болж, хятад цаасан мөнгийг гүйлгээнд хэрэглэхгүй болголоо.


    Мөнгөний шинэчлэлийг амжилттай явуулах нөхцлийг хангахын тулд Банк эх орны эдийн засгийн илүү их идэвх, хүчин чадалтай бүсүүдэд салбараа нээх зэрэг замаар хувийн хятад пүүсүүдийг өргөн хэмжээгээр нөлөөндөө авах, үйл ажиллагагаа Монголын хүн амд ойртуулах шаардлагатай байв. Монголбанк 1924 онд орон нутагт ганцхан салбар нээсэн бол 1925 онд 4-ийг (Сайн бэйс, Заяын шавь, Жаргалант, Улиастайд) нээжээ.


    Хоёрдахь жилийн гол зорилтыг хэрэгжүүлэх үндсэн нөхцлийн нэг нь шаардлагатай хөрөнгө сангаа үлэмж нэмэгдүүлэх явдал гэдгийг харгалзан хувь нийлүүлэгчдийн хурлаас Банкны үндсэн хөрөнгийг нэг сая хятад янчаан болгон нэмэгдүүлсэн нь байдлыг нэлээд хөнгөвчилжээ.


    МАХН-ын III их хурал (1924 оны YIII сар), БНМАУ-ын анхдугаар их хурлын (1924 оны XI сар) удирдамж чиглэлийг үндэслэн Монголын Засгийн газар 1925 оны II сарын 22-ны өдөр “Улс оронд мөнгөний шинэчлэл явуулах тухай” шийдвэр гаргалаа. Мөнгөний шинэчлэл хийх гол зарчим нь гадаадын ямар ч мөнгө улс орны эдийн засгийн хэвийн нөхцөл, улс төрийн бие даасан байдлыг хангаж чадахгүй учраас Монгол улсын мөнгөний тогтолцоо үндэсний мөнгөний нэгж дээр үндэслэх ёстойд оршиж байв.


    Монголын үндэсний валют бол ТӨГРӨГ байна гэдгийг тогтоов.


    Төгрөгийг анхлан алтан баталгаатай байж нийтийн жишгээр бие даасан үүргээ биелүүлнэ гэж тооцсон боловч Монголын хүн ам мөнгө, мөнгөн валютад илүү дассан, ер нь дорно дахинд алтан зоос төдийлөн танил бишийг харгалзан Монголын Засгийн газар эхлээд мөнгөн зоос (18гр цэвэр мөнгөтэй дүйцэх 900 пробын цагаан мөнгөн зоос), цаасан мөнгө гаргахаар шийдвэрлэжээ.


    Цаасан мөнгө үйлдвэрлэн гүйлгээнд гаргах эмиссийн эрхийг Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкинд өгөв.


    Монголын ардын засгийн газраас хүн амд зарлан мэдээлснээр үндэсний анхны мөнгөн тэмдэгтийг 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд гүйлгээнд гаргах байсан бол үнэн хэрэгтээ мөн сарын 8-нд 200 144 төгрөгийн мөнгөн тэмдэгт, цагаан мөнгөн зоосыг 1926 оны хоёрдугаар 1-ний өдөр анхлан гүйлгээнд гаргажээ.


    БНМАУ-ын мөнгөний шинэчлэл хоёр үе шаттайгаар явагдав. Нэг дэх үе шат нь мөнгөн тэмдэгт төгрөг гүйлгээнд орж, монголын зах зээлийн төлөө төгрөг янчаантай хийсэн өрсөлдөөний үе байлаа. Хоёрдахь үе шатанд мөнгөн дэвсгэрт төгрөг эх орны мөнгөний гүйлгээнд ганц төлбөрийн хэрэгсэл болж, янчаан гадаадын валют болон, төгрөг алтан баталгаанд суурилснаар тогтвортой хатуу валютуудын тоонд орж эхлэв.


    Төгрөг анх гүйлгээнд гарахдаа 0.88 хятад янчаантай тэнцэж байсан бол 11 сар хүрэхгүй хугацааны дараа 0.95 янчаантай, бүтэн хагас шахам жилийн дараа буюу 1927 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн төгрөг янчаан хоёрын ханш тэнцэв.


    Энэ хугацаанд төгрөг хүн амын итгэлийг олсон тул янчааныг гүйлгээнээс шахан гаргах бодого барьж Банкинд орж ирсэн янчаан болон бусад гадаад валютыг гүйлгээнд эргүүлэн гаргахгүй байжээ.


    Мөнгөний шинэчлэлийн явцад хууль ёсоор урьдчилан тогтоосон төгрөгийн баталгаанд хатуу валют, үнэт металлын эзлэх хувь (25%) гүйлгээнд гаргасан төгрөгийн түргэн өсөлтийг үл харгалзан үлэмж давж, төгрөг найдвартай валютын тоонд орох боллоо. Зөвхөн 1926 оныг авч үзэхэд энэ нь дунджаар 88.3%-д хүрч байв.


    Цагаан мөнгөний дэлхийн нөөц эрэлт хэрэгцээнээс илүү хурдацтай өссөнөөс болж зах зээл дээр түүний үнэ огцом унаж мөнгөн дээр суурилсан төгрөгийн баталгаанд ч нөлөөлөх болсон учраас 1927 оны арваннэгдүгээр сард болсон Ардын Их Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас мөнгөний шинэчлэлийн чанарыг хангахын зэрэгцээ төгрөгийн мөнгөн тэмдэгтийг алтан баталгаанд шилжүүлж, эх орны нутаг дэвсгэр дээр гадаадын валют гүйлгээнд явахыг зогсоох арга хэмжээ авах чиглэл гаргажээ. Ардын Их Хурлын чиглэлийн дагуу Засгийн газраас 1927 оны аравдугаар сард боловсруулсан төгрөгийн ханшийг аажим өсгөсөөр 1928 оны наймдугаар сарын 1 гэхэд өөрийн алтан баталгаа болох 1 төгрөг 51.8 америк центтэй тэнцэх хэмжээнд хүрэх төслийг Улсын бага хурлын тэргүүлэгчид 1927 оны арванхоёрдугаар сарын 7-ны 52 дугаар тогтоолоор баталж, Засгийн газрын мөнгөний комисс 1928 оны гуравдугаар сарын 14-ний өдөр төгрөгийн анхны алтан баталгаат ханшийг 46.3 америк центтэй тэнцүүгээр тогтоож, дөрөвдүгээр сарын 15-наас хойш 1 янчаан 95 мөнгөтэй тэнцэхийг зарлалаа.


    1927 оны нэгдүгээр сарын 1-нд гүйлгээнд гарсан төгрөгийн 17% алтаар баталгаажсан байсан бол 1928 оны нэгдүгээр сарын 1-нд 40% мөн долдугаар сарын 1-нд 64% болж төгрөгийг 48 илүү ам.центтэй дүйцүүлэх боломж олгов. Гэвч төгрөгийн ханшийг 54.8 ам.цент хүргэх мэтээр мөнгөний шинэчлэлийг бүрэн дуусгахад эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж Засгийн газрын төлөвлөснөөс үлэмж илүү цаг хугацаа шаардагдлаа.


    Төгрөгийг алтан баталгаанд суурилуулах ажиллагаа бол мөнгөний шинэчлэлийн хоёр дахь үе шат байв.


    Засгийн газрын шийдвэрээр эх орны доторхи бүхий л аж ахуйн газар, байгууллагын тооцоо, тайлан тэнцэл, хоорондын тооцоо, үнэ, татвар, хураамжийг 1927 оны эхнээс төгрөгөөр тооцож эхлэв.


    Монголбанкны үйл ажиллагааны нэлээд чухал нэг тал нь мөнгөний эргэлтийг үндэсний валют төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах үүднээс зөв зохицуулах асуудал байв. Улс орны эдийн засгийн бэхжилт, эх орны улс ардын аж ахуйн салбаруудын түргэн хөгжлийн дүнд хүн амын мөнгөн орлого гуйвалтгүй өсч, жижиглэн худалдаалах бараа эргэлт өргөжсөний хүчинд гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэрэгцээ нэмэгдсээр байлаа. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөн тэмдэгтийн хэмжээ 1940 оны эх гэхэд 53.9 сая төгрөгт хүрсэн нь 1935 оны эхнийхээс 3 дахин их юм. Үүнтэй нэгэн зэрэг банкны кассын эргэлт нэмэгдэж 1939 онд 392.1 сая төгрөгт хүрсэн нь 1926 оныхоос 4.3 дахин өсөв. Гэлээ ч гэсэн бэлэн мөнгөний эргэлтийн нэлээд хэсэг нь банкны гадуур явж, банкны хяналтад өртөхгүй байсан нь мөнгөний эргэлтийг зохицуулах Банкны үйл ажиллагаа хангалттай бус байсныг харуулж байна. Үнэн хэрэгтээ аж ахуйн газрын кассын сахилгыг хянан зохицуулах, аж ахуйн газар хоорондын бэлэн бус тооцоог өргөжүүлэх, худалдааны байгууллагуудын мөнгөн орлогыг банкинд татан төвлөрүүлэх асуудалд хангалттай анхаарахгүй, мөнгөний эргэлтийг төлөвлөх тогтолцоо үгүй байлаа. Энэ нь гүйлгээнд илүүдэл мөнгө гаргах, тэгснээрээ үндэсний валютын бат тогтвортой байдалд муугаар нөлөөлж байсан учраас  МАХН-ын X их хурал, АИХ-ын YIII хуралдааны шийдвэрийг үндэслэн БНМАУ-ын Засгийн газар 1940 оны YI сард улсын мөнгөний гүйлгээг эмх журамтай болгох тухай тогтоол гаргажээ.


    1934 онд БНМАУ, ЗСБНХУ- ын Засгийн газар хоорондын XII сарын 1-ний өрдийн хэлэлцээрээр 1Ґ-ийг 30 алтан копейктэй тэнцүүлэв.


    1940 онд улс орны мөнгөний гүйлгээг эмх журамтай болгох тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн YI сарын 14-ний өдрийн 22-р тогтоол гарч, бэлэн мөнгөний гүйлгээг төлөвлөгөөгөөр зохицуулах болов.


    1941 онд шинэ загварын төгрөг хэвлүүлэн гүйлгээнд гаргав.


    1947 онд 100Ґ-ийг 100 рубльтэй тэнцүүлэн Ґ-ийн ханшийг тогтоов.


    1955 онд шинэ загварын төгрөг хэвлүүлэн гүйлгээнд гаргав.  Тэмдэгт цаасан бэлтгэл фондын утга чанар ба түүний ажил гүйлгээний тухай, БНМАУ-ын албан, үйлдвэрийн газруудын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журмын тухай заавруудыг мөрдөж эхлэв.


    1963 онд 1941 оны загварын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татах шийдвэр гаргав.


    1966 онд шинэ загварийн төгрөг хэвлүүлэн гүйлгээнд гаргаж, 1966-гаас өмнөх (1925, 1941, 1955) онуудын мөнгөн тэмдэгтийг I сараас 1966 оныхоор сольж гүйлгээнээс татаж эхлэв.


    1967 онд 1966 оныхоос өмнөх бүх онд хэвлэгдсэн мөнгөн тэмдэгтийг 1966 оныхоор солих ажлыг IY сарын 1-нээр дуусгавар болгов.


    1968 онд 1925, 1927, 1935 онуудад үйлдвэрлэсэн бутархай мөнгийг XII сарын 1-нээс эхлэн гүйлгээнээс бүрмөсөн татаж эхлэв. 1974 онд Улсын банкны үнэ бүхий зүйлийг тээвэрлэх ба бэлэн мөнгийг цугларуулах журмын тухай, Улс ардын аж ахуйн байгууллагуудад олгох богино хугацаатай зээлийн захиалга үйлдэх журмын тухай, Гоёл чимэглэлийн үйлдвэрт алт, мөнгийг зарцуулах, тооцоолох, хадгалах, хамгаалах тухай заавруудыг мөрдөж эхлэв.


    1989 онд БНМАУ-д 1959 онд үйлдвэрлүүлж гүйлгээнд гаргасан зоос-мөнгийг YI сарын 30-наас хасч зарлага болгов.


    1990 оны YII сарын 1-нээс эхлэн төгрөгийн АНУ-ын доллартай харьцах суурь ханшийг мөрдөж эхлэв.


    1992 оны III сарын 23-ны өдрөөс эхлэн 1 америк доллар 40 төгрөгтэй тэнцүү байх ханшийг мөрдөхөөр болов. Чөлөөт валют хоорондын ханшийг 2 долоо хоног тутамд өөрчлөн тогтоож нийтэд мэдээлж байх болгов. 6-р сард Монгол улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар худалдаа, үйлчилгээг явуулах журам тогтоов. 12-р сард Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс экспорт, импорт, гадаад валютын гүйлгээтэй холбогдолтой улстай хийх бүх төрлийн төлбөр тооцоонд 1993 оны I сарын 1-нээс эхлэн нэг америк доллар 150 төгрөгтэй тэнцэх ханш мөрдөхөөр тогтов.


    1993 оны 5-р сард Монголбанк 500-тын дэвсгэртийг шинээр гүйлгээнд гаргав.


    1996 оны 1-р сард төгрөгийн арван мянгатын дэвсгэрт анхлан гүйлгээнд гаргав. 4-р сард 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргав. 6-р сард 7-р сарын нэгнээс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төрлийн төлбөр тооцоог үндэсний валют-төгрөгөөр гүйцэтгэж байх журам тогтоов.


Төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт юм.


Түүх



Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргаж, 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөг гүйлгээнд оров.



Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ.



Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ.



Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв.



Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа.



1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байжээ.



Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа.



Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн хувьсгалт арга хэмжээ байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийг хүлээсэн байна.



Засгийн газар Төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах бэлтгэл ажлыг далайцтай зохиож, мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөн сурталчилж, мөнгөний шинэчлэлт хийхэд онцгой анхаарал тавьж байсан бөгөөд, үүнийг хэр амжилттай хэрэгжүүлснээс эдийн засгийн бусад арга хэмжээний үр дүн шалтгаалах ёстой байв.



Зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хороондын тэмцлийн явцад янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж байв. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсч анх гаргахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг, жилийн дараа тодруулбал 1926 оны сүүлчээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулж байна. Ингэж шинэ мөнгөн тэмдэгт "төгрөг" зах зээл дээр ноёлох чанартай үндсэн валют болон хувирчээ.



Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ.



1927 оноос тус орны бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, тайлан баланс, хоорондын тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр тооцоолон бодох болж улсын зах зээлээс хятадын янчаан бүрэн шахагдан төгрөг дангаараа үйлчлэх болов.



Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монгол банкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ.



1925-1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч алтны эрэлт хэрэгцээ өсч ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ.



Ингэснээр БНМАУ-ын үндэсний валют "Төгрөг" бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8 дугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ.



Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ.



Засгийн газраас мөнгөний шинэчлэлттэй холбогдуулан 1924-1928 онд авч явуулсан шат дараалсан арга хэмжээний дүнд Англи, Америк болон бусад орны худалдаачид, хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна.



Мөнгөний шинэчлэлтийг амжилттай явуулж, үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон нь эдийн засаг, улс төрийн ихээхэн ач холбогдолтой юм.



Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг" улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж ирлээ.



Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ.



Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна.



1925 оны цаасан дэвсгэртүүдийн 100, 50, 25 төгрөгийн дэвсгэртүүд дээр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк (Монгол банк)-ны дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар, бусад жижиг дэвсгэртүүд дээр дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, нярав Большаков нар гарын үсгээ зурсан байдаг.



1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэйгээр монгол үсгээр хэвлүүлж, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргасан бөгөөд 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр зөвхөн бичиг тооны зарим хэсгийг крилл (шинэ) үсгээр хэвлэж, 1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож зураг хээг өөрчлөн бүх бичиг тоог крилл үсгээр хэвлэж, 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлэн гаргасныг одоо гүйлгээнд хэрэглэж байна. 1966 оны шинэ тэмдэгтийг гүйлгээнд оруулахдаа урьд нь гүйлгээнд явж байсан бүх цаасан тэмдэгтүүдийг богино хугацаанд сольж олгох замаар гүйлгээнээс татсан байна. Тэгэхдээ ханшийн өөрчлөлт хийгээгүй ажээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981, 1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна.



1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын 3/5-ийг хөвөн, 2/5-ийг нийлэг эд, маалинга, бусад хольц эзэлдэг. Иймээс төгрөгийг томруулж нарийвчлан харвал улаан, цэнхэр болон бусад өнгийн зураасыг ажиглан харж болно.



1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн [[Чингис хаан|Чингис хааны] хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн.



Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн болно. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг "колограмм" хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан 1000-тын дэвсгэрт дээр Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат гарын үсэг зурж 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат гарын үсгээ зуржээ.



Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.



1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоос, 1937 онд 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан. 1959 онд хөнгөн цагаанаар 1, 2, 5-тыг голдоо нүхтэй зоос гаргажээ.



Одоо 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түүнээс хойш үйлдвэрлэсэн зоосон мөнгөнүүд гүйлгээнд хэрэглэгдэж, 1970 оноос өмнө үйлдвэрлэж гаргасан зоосуудыг гүйлгээнээс хасагджээ.



Гүйлгээнд яваа төгрөг зоосон мөнгөний гүйлгээнд тэнцэх эсэхийг төв орон нутгийн банкны бүх байгууллагууд шалган тогтоож ялган, муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банкинд татан авч, Тусгай комиссын хяналттайгаар шалгаж зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг.



1970 оноос хойш нэг төгрөгний зоосон мөнгийг Карл Маркс, Сүхбаатарын хөрөг, Соёмбо, Сансарын билэг тэмдэг зэрэг 8 төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ.



БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгний цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсын 50 жилийн ойгоор 10 төгрөгний зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ.



Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай. Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргав.


Он оны мөнгөн тэмдэгт




1925



1924 онд батлагдсан манай улсын анхны үндсэн хуулийн дагуу "соёмбо" сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна. Энэ оны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан боловч үнэн хэрэгтээ 1940-өөд оноос гүйлгээнээс бараг хасагдсан байна.



1939



Энэ оны мөнгөн тэмдэгт нь "соёмбо" сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна.Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарчээ.



1955



Энэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс хасчээ.



1966



1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач Ц.Минжүүр, Д,Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. 1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 20 төгрөгийн дэвсгэрт гарсантай холбогдон 1966 онд үйлдвэрлэгдсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна.




Нууцлал



    * 1. Металл утас.


    * 2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэлтэнэ.


    * 3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.


    * 4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.


    * 5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.


    * 6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ


    * 7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.


    * 8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.


    * 9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.


    * 10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Ray | Уншсан (2429) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. 247bayrtsetseg :
    2011-05-08 15:13

    kkkkk....... . :D

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл